Улаанбаатар хотын орон сууцны үнэ өнгөрсөн сарын байдлаар жилийн өмнөхөөсөө 9.9% өсөөд байна. Улмаар шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ ₮3.5 сая болжээ.
Нөхцөл байдал
Орон сууцны үнийн одоогийн нөхцөл байдал руу өнгийвөл, хуучин орон сууцны одоогийн үнэ шинээс 5.7% бага байна. Түүнчлэн Улаанбаатар дахь шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ аль дүүрэгт байгаагаасаа хамаараад ихдээ ₮1.2 саяын зөрүүтэй байгаа юм.
- Тодруулбал: Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ нийт орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнээс 8.8% өндөр буюу ₮3.8 сая байгаа бол Сонгинохайрхан дүүргийнх дунджаас 35.2% доогуур байгаа аж.
Шалтгаан 1. Барилгын өртгийн өсөлт
Цаашлаад шинэ орон сууцны дундаж үнийг 10 жилийн өмнөхтэй харьцуулбал 1.8 дахин өсөөд буй. Энэ их өсөлтийн ард юу байгааг харвал,
- Барилгын өртөг: Нийт барилгын өртөг энэ оны I улиралд өмнөх оны мөн үеэс 30.9% өсөөд буй. Түүнчлэн орон сууцны баригдах өртөг л гэхэд өмнөх улирлаасаа 5.9% өссөн юм. Үүнд материалын үнэ 10.1%, машин механизмын түрээсийн зардал 1.8%, цалингийн зардал 0.5% тус тус өссөн нь нөлөөлжээ.
Шалтгаан 2. Валютын ханш
Тэгвэл үргэлжлүүлээд барилгын материалын үнийн өсөлтийг харвал, ханшийн өөрчлөлттэй шууд холбоотой. Мартаагүй бол бид чинь импортлогч орон шүү дээ.
- Ханшийн сулрал = Барилгын өртгийн өсөлт: Орон сууцны үнэ жилийн өмнөхөөсөө 9.9% өссөн тус хугацаанд төгрөгийн ханш долларын эсрэг 23.5% суларсан юм. Тэгэхээр өмнө нь $150-ын үнэтэй барилгын материалыг ₮427.4 мянгаар авдаг байсан бол энэ дүн ₮527.7 мянга болсон гэсэн үг.
Эцэст нь… Орон сууцны үнийн өсөлтөд ипотекийн зээл олголт ч нөлөөлж буй. Харин манайд ипотекийн зээл олголт буурах төлөвтэй байгаа. Тэгэхээр цаашид орон сууцны үнэ яах юм бол доо?
Эх сурвалж: Lemon Press