Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт энэ сарын 18-нд жоншны уурхайн 30-40 орчим метрийн гүнтэй цооног руу үерийн ус орсноос хоёр ажилтан уурхайн гүнд гацсан тухай мэдээлж байв.

Уурхайн гүнд ажиллаж байсан хоёр хүнийг гаргахаар ажилласан ч амиа алдсан байжээ.

Энэ талаар ОБЕГ-аас "Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Өлгий багийн Өндөр-Овоо гэдэг газар зургаадугаар сарын 18-ны өдрийн 20:00 цагийн орчим усархаг бороо орсны улмаас жоншны уурхайн 30-40 орчим метрийн гүнтэй босоо ам руу ус урсаж орсон бөгөөд тухайн үед уурхайн гүнд ажиллаж байсан хоёр ажилтан гарч ирээгүй тухай дуудлагыг мөн өдрийн 20:25 цагт хүлээн авсан.

Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Уул уурхайн аврах анги, тус сумын Засаг даргын Тамгын газар, “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид жоншны уурхайн 31 метрийн босоо, 30 метрийн хөндлөн урттай уурхайн гүнд ажиллаж байсан Ж /40 настай, эрэгтэй/, С /33 настай, эрэгтэй/ нарыг гаргахаар ажиллаж, уурхайн аманд хуримтлагдсан нийт 650 шоо метр усыг соруулж гаргасан байна.

Уурхайн гүний гуравдугаар түвшний хэвтээ малталтын аманд үерийн усаар орсон шавар, чулууг цэвэрлэж, усыг шавхан 30 дахь метрээс зургаадугаар сарын 20-ны 11:10 цагт иргэн С, 11:40 цагт Ж нарын цогцсыг олж гарган тус сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн" болохыг мэдээллээ.