Дэлхийн хамгийн өндөр настай Нобелийн шагналтанд тооцогддог байсан эрдэмтэн Ням гарагт 100 насандаа таалал төгсжээ.
АНУ-ын Техасын их сургуулийн профессор Жон Гудэнаф нь лити-ионы батарейг зохион бүтээхэд гол үүрэг гүйцэтгэснийхээ төлөө Нобелийн шагнал хүртсэн юм.
Ийм төрлийн батарей нь өнөөдөр дэлхий даяар олон сая цахилгаан хөдөлгүүрт автомашинд ашиглагдаж байгаа.
“Төрийн үнэнч зүтгэлтэн, зөвлөгч, гайхалтай атлаа даруу зохион бүтээгч” гэж Техасын их сургууль эмгэнэлийн захидалдаа түүнийг тодорхойлжээ.
Профессор Гудэнаф 2019 онд 97 насандаа химийн салбарын Нобелийн шагнал хүртсэн юм.
Лити-ионы батарей нь технологийн ертөнцөд хувьсгал авчирч, орчин үеийн бараг бүх цахилгаан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдэд ашиглагддаг.
1922 онд Германд төрсөн профессор АНУ-ын зүүн хойд нутагт өсөж, дэлхийн хоёрдугаар дайны үед армид цаг уурчаар алба хааж байжээ.
Дараа нь тэр Йелийн их сургуулиас математикийн бакалавр, Чикагогийн их сургуулиас физикийн докторын зэрэг авсан байна.
Массачусетсийн Технологийн Хүрээлэнд 24 жил ажиллахдаа тэр ихэнх нээлтүүдээ хийж байжээ.
Энэ үедээ Гудэнаф компьютерын санах ой бүтээхэд оролцож, орчин үеийн харилцаа холбооны салбарт чухал нээлт болсон магнетизмийн онолоо боловсруулсан байна.
2016 онд тэр BBC сувагт ярилцлага өгөхдөө хүн төрөлхтний амьдралыг өөрчилсөн нээлтүүдийг хийж байхдаа “нэг их зүйл бодож байгаагүй” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан байдаг.
Профессор “халдвартай инээд”-ээрээ алдартай нэгэн байсныг Техасын их сургуулийнхан дурссан байна. “Түүний инээд манай сургуулийн инженерийн салбарын бүх барилгаар цуурайтдаг байлаа” гэж уг дурсамжид өгүүлжээ.
Хамгийн сүүлд Гудэнаф болон түүний баг шилээр бүтээсэн батарейд эрчим хүч нөөцлөх шинэ аргыг туршиж байсан гэнэ. 1954 онд гэрлэсэн түүний гэргий 2016 онд нас барж байжээ.
Эх сурвалж: BBC