Өнөөдөр/2023.08.14/ Улаанбаатар хотод тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдсэн болохыг мэдээллээ.

Энэ талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв/ЗӨСҮТ/ "Уг сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй.

ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийгдэж байна" гэв.

Өмнө нь Улаанбаатарт тарваган тахлын нэг тохиолдол батлагдаад байгаа юм.

Халдвар дамжих зам:

Тарваган тахал нь дараах замаар хүнд халдварлана.

  • Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх явцад арьс салстын шархаар, өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалалтгүй харьцах үед
  • Тарваганы бүүрэгт хазуулах үед
  • Тарваган тахлаар өвчилсөн тарваганы түүхий эд эрхтэн, махыг хүнсэнд хэрэглэх явцад
  • Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд дамжин халдварлах

Эмнэлзүйн шинж тэмдэг:

Нууц үе 2-3 хоног.

Булчирхайн хэлбэр: Халуурах, булчирхай үрэвсэн томорч, эмзэглэлтэй болох, толгой өвдөх, чичрэх, маш их ядарч сулдах

Уушгины хэлбэр: Өндөр халуурах, чичрэх, ханиах, амьсгалахад хүндрэлтэй болох, цустай цэр гарах

Гэдэсний хэлбэр: Маш өндөр халуурах, чичрэх, толгой хүчтэй өвдөх, бөөлжиж, гүйлгэх