Парис хотын ойролцоох Лонгжуму хотод “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээг тус хотын захиргаанаас 2023 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Монголын 10 гаруй уран бүтээлчийн орчин үеийн урлагийн үзэсгэлэн, “Нүүдэлчин хүүхдүүд”, “Цэнхэр ханцуйт” кино, “Өнөөгийн болон өчигдрийн Монгол: Нүүдлийн болон суурин амьдралын хэв маяг”, “Аялал жуулчлалын шинэ чиглэл”, “Торгоны замын түүхэн дэх Монгол улсын үүрэг”, “Монголын Эзэнт гүрэнд зорчсон дундад зууны аялагчид-Лонгжумугийн аялагч Андрегийн тухай” сэдэвт танилцуулга хэлэлцүүлгүүд, “Монгол улсаас Лонгжуму хүртэл: Торгоны зам биднээр дайрч өнгөрсөн нь” сэдэвт семинар, монгол ардын үлгэр, монголын шагайн наадгай, хувцас загварууд, уламжлалт болон орчин үеийн эд зүйлс, уран бичлэг зэрэг арвин хөтөлбөрийг толилуулж байгаа аж.
Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү гуравдугаар сарын 31-ний өдөр арга хэмжээний нээлтэд оролцож, Монгол орны түүх, соёл уламжлалын тухай баялаг хөтөлбөрүүд бүхий цогц арга хэмжээг зохион байгуулж буй тус хотын засаг дарга Сандрин Жэло болон зохион байгуулагч нарт, нэн ялангуяа тус арга хэмжээг санаачлагч “Алтан хаан” галерейн захирал Дидиер Буассер болон арга хэмжээнд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж буй дизайнер Т.Нямцэрэн, Сорбон их сургуулийн багш Томас Танас, угсаатан судлаач, Бореалиа хэвлэлийн редактор Эмили Мэж, Торго нэхмэл эдлэл, үйлдвэрлэлийн мэргэжилтэн Изабел Мулан, “Холын хөрш-Монгол Улс” соёл, боловсролын төслийн санаачлагч, эрх зүйн ухааны доктор, багш-орчуулагч Г.Хишиг-Эрдэнэ нарт талархал илэрхийлээд, Монгол, Францын түүхэн харилцаанд Андре дө Лонгжуму элчийн үүрэг, хоёр орны орчин цагийн харилцаа болон Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил 2023-2025” зорилтыг онцолж, үг хэлжээ.