Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод айлчлан ирэх гэж байна.
Айлчлалын үеэр Польшийн суут хөгжмийн зохиолч Фридерик Шопений /1810-1849/ хөшөөг Улаанбаатар хотод нээх мэдээлэл тараад байгаа.
Гэхдээ уг хөшөөн дээр сийлсэн хөгжмийн нот Шопений бүтээл биш болохыг зарим хүмүүсий сошиал сүлжээнд шүүмжлэн бичицгээж байна.
Тухайлбал хөшөөний нэг талд “Spring Waltz” (Marriage d’amour) бүтээлийн нотыг сийлжээ. Гэхдээ энэ нь үнэндээ Шопений бүтээл биш юм байна.
Харин 1978 онд Францын хөгжмийн зохиолч Пол де Сенневилийн бичсэн “Marriage d’amour” хэмээх бүтээл бөгөөд хэдэн жилийн өмнө YouTube платформд "Шопений бүтээл" гэсэн алдаатай гарчигтай нийтлэгдсэний улмаас ийм буруу ойлголт бий болж байжээ.
Алдаатай гарчиг бүхий бичлэгийг сүүлд YouTube платформоос устгахад 34 сая орчим хандалттай болсон байсан гэнэ.
Шопен амьдралынхаа турш нийт 25 вальс зохиосны дотор ийм нэртэй бүтээл байдаггүйг түүний бүтээлүүдийн албан ёсны жагсаалтаас харж болохоор байна.
Үүнээс гадна Улаанбаатар хотод босгосон Шопений хөшөө Варшав хотод байдаг түүний хөшөөний хуулбар гэмээр адилхан болсон нь анхаарал татаж байгаа юм.